2010-03-13

Миний тухай товчхоон

Би бол ардчиллын хэцүүхэн цаг үед аав ээжийнхээ аз жаргал нь болон төрсөн айлын ганц хүү. Гэртээ ганцаараа өссөн, бүх юм элбэг дэлбэг биш ч гэсэн ээж аав 2 минь чадлынхаа хэрээр л байлгадаг байсан болхоор одоо ч гэсэн эрхийн тэнэг гэдэг нэрээ хадгалж үлджээ.

Хорвоо ертөнцөд нэгэнт л хүн болоод төрцөн юм чинь 20 жил эцэг эхийн буянд дулаан гэр, халуун хоол, бүх зүйлээр хангуулж Монголдоо л нэртэй ахлах сургуулийг муу ч гүй дүнтэй дүүргээд дотооддоо ТОП гэж яригддаг Санхүүгийн сургуулийн босгыг алхаад бас ч гүй хугацаанд сайн нэртэйгээр яван аяар гадны оронд ирэн муу ч биш сайн ч биш дүнгээр шааригдаж яваа нь энэ.

Бүхий л зүйлийг ойлгох ухаанд суралцах нь чухал гэсэн ойлголттой явсан болхоор техник сэтгэлгээ бас ч муугүй юм уу гэхээр техник-н ном уншихаар ойлгодог зүйл алга. Цахим тооцоолуурыг бол харин давгүйхэн ашиглан халаасан дах мөнгөө тооцож чадах боловч хадгалах урлагт суралцсан хүмүүсийн хажууд мунхаг нэгэн.


Нуруу өндөр, бөгтөр биш, бэлхүүс бөгс хоёрийн харьцааг нарийн сайн хэмжиж үзээгүй болхоор гоо сайхны асуудлаар хөндөлгүй өнгөрөе. Балчир байхын загас тэжээж АЛТАН ЗАГАС-ны үлгэрт итгэсэн үү яасан шалгалттай өдрөө гэрээсээ гарах болгондоо загасандаа хэлчээд явдаг байсан болхоор унаад сүйдээд байсан зүйл байхгүй нь загасны минь хүч байсан байх.

Дөрвөн жилийн цаадхыг хардаг Дубай мэргэн шиг биш ч гэсэн дөрвөн жилийн тэртээ юу болох бол гэдгийг ихэд сонирхон улс төрийн тоймч шиг л цагийн хүрдийг эргүүлэн ирэх сонгуульд хэнийгээ гаргах вэ гэдэг найраагаа одооноос хийчмээр ч юм шиг санагдаж байх шиг... Начны найраа цагтаа болно биз.

Бичлэгээс минь хараад олон үг нурших дуртайг минь анзаарсан байлгүй...



Би гэдэг хүн нэг иймэрхүү. Цаашдын бичих зүйлсээс минь "Би хэн Бэ?" гэдэг асуултын хариулт нэг нэгээрээ гарч ирэх болно гэдэгт найдан аялалдаа гарах бэлтгэлээ базаая.

No comments:

Post a Comment